Хүн ам зүй

Хүн ам зүй

2007 оны 7 сарын байдлаарх Монгол улсын нийт хүн амыг АНУ-ын хүн ам тооллогын товчоо 2,951,786  гэж үзэж байгаа бөгөөд энэ нь дэлхийд 138-д тооцогддог. Харин НҮБ нь хүн амыг 2,629,000 хэмээн тооцож байгаа (АНУ-ын хүн ам тооллогын товчооны тооцооноос 11%-р бага). Монголын Үндэсний Статистикийн Хороо хүн амыг 2,612,900 гэж тооцно.

Хоёр хөрш орон болох Хятад ба ОХУ-ын хүн амтай харьцуулахад маш өчүүхэн юм. Монголын хүн амын ихэнх хувийг Монгол гаралтай хүмүүс эзлэх боловч Казах, Тува, Тунгус үндэстнүүд бага хэмжээгээр бий. 2000 оны тооллогоор Монголын хүн амын өсөлтийг жилд 1.2% гэж тооцож байна. Нийт хүн амын 59% нь 30-аас доош насны, үүнээс 27% нь 14-өөс доош насныхан байна. Энэ харьцангуй залуу ба хурдацтай өсөж байгаа хүн ам нь бусад хөгжиж байгаа орнуудтай адил эдийн засагт нь хүндрэл учруулах болжээ.

Хүн амын 40% нь Буддизм-Ламаизм шашинтай (Төвдийн Буддизмтай холбоотой), 30% нь шашингүй, 20% нь Бөөгийн шашинтай, 6% Христосын шашинтай, 4% нь лалын шашинтан.

Нягтшил багатай Монгол улсын хүн амын нилээд хувь нь сүүлийн үеэс хотод амьдрах болжээ. Тал хувь нь Улаанбаатар ба аймгийн төвүүдэд амьдарч байна. Өрхүүд өвөл тосгонуудад, зун нь гэрт амьдрах хагас нүүдэлчин байдал нь хөдөө давамгайлж байна, гэхдээ бүтэн жилийн турш нэг газартаа байх газар тариалан эрхэлдэг өрхүүд ихэсч байгаа. Хүн амын 40% орчим нь нүүдэлчин, эсвэл хагас нүүдэлчин амьдралтай.

Хүн амын 85% нь Монгол үндэстэн бөгөөд үүн дотроос Халх ястан давамгайлна. Эдгээр ястнууд нь голдуу хэлний онцлогоороо л ялгагддаг. Монгол угсаатнуудын 90%-г Халх эзэлдэг. Үлдэх 10%-г Буриад, хойд хэсэгт Дөрвөд, зүүн талд Дарьганга зэрэг эзэлдэг. Түрэг угсаатнууд (Казах, Тува, Уйгур) Монголын хүн амын 7%-г эзлэх бөгөөд үлдэх хүн амд Тунгус үндэстнүүд, Хятадууд, Оросууд багтана. 1991 онд ЗХУ бутарч Монголд үзүүлж байсан тусламж дууссанаар ихэнх Оросууд Монголоос гарчээ.

Хэл

Монгол улсын албан ёсны хэл нь Халх Монгол хэл бөгөөд энэ нь кирилл үсгийг хэрэглэдэг. Нийт хүн амын 90% нь энэ хэлээр ярьдаг ба улс даяар олон аялгатай. Баруун аймгуудад Казах ба Тува хэлнүүд бас яригддаг. Англи хэл нь Монголд хамгийн их яригддаг гадаад хэл, үүний дараа орос хэл орно. Энэ нь социализмын үед монголчууд Оростой харилцаа холбоо маш их байсантай холбоотой, харин 1990-ээд онос хойш англи хэл нь хамгийн их яригддаг гадаад хэл болж байна. Албан ёсоор 30000, хараар 70000 гаруй Монгол иргэн Өмнөд Солонгост ажиллаж байгаа тул Солонгос хэл нь бас газар авч байна. Нөгөө хөршийн хэл болох Хятад хэлийг хүмүүс сонирхох болж, залуучуудын дунд Япон хэл ч бас түгээмэл болжээ. Насанд хүрсэн боловсорсон хүмүүсийн дунд социализмын үед суралцаж байсан Герман, мөн бусад зүүн Европын хэлүүдийг мэдэх тохиолдол байдаг. Харин одоо бол залуу Монголчууд нь баруун европод ажиллаж суралцах болсон тул тэндэхийн хэлүүдийг төгс эзэмших болсон.

Монгол хэл нь Монгол хэлний язгуурын хэлнүүдийн нэг. Монгол хэлний язгуур нь Алтайн хэлний язгуурт хамрагдах нь элбэг бөгөөд энд Түрэг, Тунгус, бас заримдаа Солонгос ба Япон хэлнүүд багтдаг.

Шашин шүтлэг

Төв Азийн нүүдэлчдийн адил бөөгийн шашин, мөнх тэнгэрийн шүтлэгийн төрлүүд одоогийн Монгол улсын нутагт түгээмэл байжээ. Эдгээрийг аажмаар Төвдийн Буддизм эзэмдсэн ч гэсэн бөөгийн мөргөл зэрэг нь Монголын шашны соёлд өөрийн ул мөрөө үлдээжээ. Одоо ч гэсэн үйлдэгддэг бөө мөргөлийн уламжлалуудын нэг бол овоо тахих ёслол юм.

1991 онд коммунист засаглал унаснаар шашны эрх чөлөөтэй болж, коммунизмын өмнө гол шашин байсан Төвдийн Буддизм дахин сэргэж хамгийн түгээмэл шашин болжээ. Христосын шашин, Исламын шашин ч гэсэн дэлгэрч эхлэжээ.

Боловсрол

Социализмын үед боловсролын салбар нь хамгийн амжилттай хөгжжээ. Бичиг үсэг үл мэдэх явдал нь нүүдэлчин өрхүүдийн хүүхдүүдэд зориулагдсан дотуур байртай сургуулиудын тусламжтайгаар бараг бүтнээрээ арилгагджээ.

1911 оны үндсэний эрх чөлөөний хувьсгалын дараа хойч залуу үеээ дэлхийн олон улс түмний адил эрдэм боловсролд сургах талаар шинэ дэвшилтэт үзэл санаа сэргэсэн юм. Улмаар 1921 оны ардын хувьсгалын ялалтын үр дүнд анхны бага сургууль (одоогын 3 дугаар сургууль) байгуулагдсан бол 1923 оны 2 сарын 16-ны өдөр шинэ Монгол улсын анхны дунд сургууль болох 1 дүгээр сургууль үүсэн байгуулагджээ. Энэ сургуульд монгол хэл бичиг, тооны ухаан, англи, франц, герман, хятад хэл зэрэг гадаад хэлээс гадна дэлхийн байдал, бодисын зүй, хувилахуй ухаан, байгаль судлал зэрэг шинжлэх ухааны хичээлүүдийг зааж эхэлсэн байна. 1 дүгээр дунд сургуулийн анхны төгсөгчид болох 30 хөвгүүд охид 1926 онд Франц, Герман улсад боловсрол эзэмшихээр явцгаасан юм. Тэд бол шинэ Монголын анхны өндөр боловсролтой сэхээтнүүд болсон түүхтэй. 1929 он хүртэл ганцхан 1 дүгээр дунд сургууль байсан бөгөөд түүнээс хойш хот, хөдөөд олон дунд сургуулиуд байгуулагдсан. 1 дүгээр сургууль 1938 онд анхны бүрэн дунд сургууль буюу 10 жилийн сургууль болж өргөжсөн юм.

1990-ээд оноос дотуур байртай сургуулиудад хийх хөрөнгө оруулалт багассанаар бичиг үсэг үл мэдэх явдал арай ихэсчээ.

Бага, дунд боловсрол нь анх арван жил үргэлжилж байсан боловч 2008 оноос 12 жил болсон.

Монголын үндэсний их сургуулиуд нь бүгд Монгол Улсын Их Сургууль ба Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулиудаас үүссэн байна.

1990-ээд оноос хойш хувийн дээд боловсрол олгох инстутууд эрчимтэйгээр нэмэгдсэн боловч эдгээр сургуулиудын ихэнх нь "коллеж", "их сургууль" гэсэн нэрдээ хүрэх чадвар алга байна.

Эрүүл мэнд

Эрүүл мэнд, асрамжийн байдал Монголд хурдацтай хөгжиж байгаа ба үүний үр дүнд дундаж наслалт дээшилж байгаа.

АНУ-ын Тагнуулын төв газрын Дэлхийн мэдээллийн ном (CIA World Factbook)-ынхаар төрөлтийн хувь хэмжээ (нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо) нь 2.25-1.87, хүн амын дундаж наслалт 67-68, Амьд төрсөн 1000 хүүхдэд ногдох нялхсын эндэгдэл 1.9%-4%; таван наснаас дооших хүүхдийн нас баралт 4.3% байна.

2002 оны байдлаар нийт 33273 эрүүл мэндийн ажилтантай, үүнээс 6823 нь эмч, 788 нь эм зүйч, 7802 нь сувилагч, 14091 нь дунд түвшний ажилчид байна. Одоогийн байдлаар 10.000 хүн тутамд 27.7 эмч, 75.7 эмнэлэгийн ор тус тус ноогдож байна.

Close